Сүүлийн үед цахим орчинд Японы алдарт Жибли студийн зураачдын хэв загварыг дуурайлган AI-аар зургаа зуруулах үзэгдэл ихэсчээ. Мэдээж Мияазаки Хаяогийн алдартай хүүхэлдэйн кинонуудын дүрслэл, зураглал бол дахин давтагдашгүй билээ. Гэтэл орчин үеийн технологи хэдхэн секундэд Жибли студийнхтэй яг ижил хэв загвар, дүрслэлтэй зургийг бодит зурагнаас үүсгэж байгаа нь олон талаараа асуудал хөндөж байна.
Жибли студи өөрсдийн бүтээлээ оюуны өмчөөр хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, тэдний дүр, фон, хэв маягийг зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах нь хууль бус үйлдэл. Одоогоор "ChatGPT"-ийг хөгжүүлэгч "OpenAI" компанийн зүгээс оюуны өмч, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар хийгээгүй байна.
Нөхцөл байдал даамжирч, Жибли студийн зүгээс гомдол гаргавал одоо та бүхний үүсгээд буй зурагнууд олон нийтийн цахим сүлжээнээс устахад гайхах зүйлгүй. Facebook, Instagram зэрэг платформууд зохиогчийн эрх, оюуны өмч дээр онцгой анхаардаг.